Ноорог дундаасаа олов

Энэ АМЬРАЛ БИД хоёр нэг л наалдаж өгөхгүй байсан үе гэх юм уу даа, сэтгэл санаа тавгүй толгой дотор түм буман бодол ёстой ар араасаа зогсоо зайгүй хөврөөд байхаар нь тасалдуулах санаатай амьдралынхаа хамгийн аз жаргалтай, эрх дуураараа, тайван амгалан байсан үеэ дурслаа. Мэдээж эмээгийнхээ энгэрт наалдчихаад үүрд тэр чигээрээ өтлөх мэт санасан бага балчирхан нас минь байж таарна. Нөгөөх хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг нь үнэхээр байдаг ч болоосой гэж хүсэв. Ийм тиймхэн бодлоор хэсэгхэн ч гэсэн саатангаа гэр рүүгээ явах метроо хүлээж зогссон юм л даа. Анзаараа ч үгүй байсан миний урд Fartsa Strand (миний амьдардаг метроны чиглэл л дээ) ирчихсэн жолооч нь гарж ирээд хаалгаа хаах дохио өгч байгаа харагдав. Гэв гэнэт би нөгөөх жолооч дээр явж очоод Энэ галт тэрэг намайг хүүхэд насанд минь хүргэж өгөх үү? гээд асуучихав аа. Жолооч нээээг их том харснаа Суугаад л  үзэхгүй юу гэж байна. Итгэсэндээ тэр үү, өөр яах байснаа мэдээгүйдээ тэр үү ямарч  л байсан ороод хамгийн хойд талын сандал дээр суугаад цонхоор ширтээд л яваад байлаа. Зогсох зогсоол бүрийг би маш сайн мэднэ, бас цонхны цаана урсан өнгөрөх байшин бүр, мод бүр, дэлгүүр бүр яг л урьдын адил. Гэсэн хэдий ч би хүүхэд насруу минь хөдөлсөн галт тэрэг ямар замаар яаж явахыг нүд цавчилгүй ширтсээр, нэг л мэдэхэд би гэрийнхээ буудал дээр буугаад алхаж байв. Хүүхэд насруугаа явж байсан намайг АМЬДРАЛ нааш хөтөлчихөж дээ гэсэн бодол цааш нэг ч алхуулсангүй. Би дахиад нэг, хоёр эсвэл эцсээс нь цаашаа явсан бол хүссэн буудал дээрээ буух байсан юм гэсэн харамсах сэтгэл төрөөд болдоггүй. Гэтэл өнөөх галт тэрэг минь намайг орхиод аль хэдийн дараагийн зогсоолруугаа хурдалсан шүү дээ.

Leave a comment