Аливаа зүйл жижиг байх тусмаа хялбар санагддаг

Өчигдөр би нэг найзтайгаа уулзаад нэлээд хэдэн цагийг хөгжилтэй өнгөрөөлөө л дөө. Тэр бид хоёр тэнгэр газар шиг өөр атлаа дэндүү олон талаараа ижил төстэй санагддаг юм, зөвхөн надад л даа. Бид хоёр хамтдаа суугаад харсан зүгрүүгээ ширтэн хүссэн хугацаагаараа дуугүй сууж чадна, нэг нэгнээсээ уйдсандаа ч юмуу эсвэл ярих зүйл байхгүй дээ тэр биш.

Бид нэг нэгнээсээ үл хамааран өөр өөрсдийн дотоод ертөнцдөө мөрөөдөл гэгчийг ургуулан бодож суухдаа бодлоороо ойлголцож байгаа мэт санагддаг. Харин өчигдөр бид энэ хотын орой дээр гарч тухлан суугаад ямар үзэсгэлэнтэй болохыг нь хэсэг ширтэн чимээгүйхэн суусан юм. Тэр л үед би яагаад өндөрт гарах тийм дуртай байдгаа ойлгох шиг боллоо. Өндрөөс өндөрт дээшлэх бүрт доор байгаа зүйлс жижгэрч харагддаг тийм үү? Харин тэдгээр зүйлс жижиг байхдаа намайг айлгахгүй байгааг би мэдэрдэг. Ямарваа нэг зүйлийг бүхлээр нь харж чадвал тийм ч сүрдмээр зүйл биш гэдгийг л өөртөө мэдрүүлэх гэж дээшээ мацдаг байх нь. Харин би тэр доор байхдаа дунд нь ороод хутгалдчихсан хаана нь юу байгааг үл ойлгон бухимдсаар өөрөө өөртөө хана босгон айж эхэлдэг юм байнаа гэдэгт бүрэн итгэлээ.

Та бүхэн ч гэсэн байшингийн дээвэр дээр, уулын орой дээр, онгоцон дотроос, Eiffel-ийн цамхаг дээр мөн Зайсан толгой дээр гараад нэг их сайхан урт амьсгаа авч хотын бужигнасан их хөл хөдөлгөөн хэрхэн өрнөж буйг харахад тэд их жижиг санагддаг байх. Юу гэх гээд байна вэ гэхээр, чамд хэцүү санагдсан үед хатуу бэрхийг жижигрүүлэн хараад үз тэгвэл тэр тийм ч аймшигтай санагдахаа болино. Намайг ингэж бичлээ гээд дээр гараад за хаана байна тэр агуу айдсыг дарагч чинь гэж эрвэл хэзээ ч олохгүй. Тэр дээр зөвхөн зүрх сэтгэлээ л сонсох хэрэгтэй. хариултыг нь би биш та л өгөх учир.

Star_City

One comment

  1. oogii · July 23, 2020

    huurhunuu min heden jil yaagaad alga bolchiwoo bi unshih durtai goy blog bas huurhuniig n dahin harmaar bhin haya haya orj uzehiin bhku shu sanaad bn ergeed bichelde

Leave a comment